Мэргэшсэн нягтлан бодогч гэх ойлголт бидний дунд бий болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Бизнесийн томоохон байгууллага төдийгүй төрийн захиргаа, үйлчилгээний албанд ч мэргэшсэн нягтлан бодогч байх ёстой гэсэн шаардлага тавьж даргын баруун гар болох нягтлан бодогч нар мэргэшиж эхэлсэн.
Үүнийг амьдралд хэрэгжүүлэгч нь Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчдын институт гэх байгууллага. Ёстой л нөгөө "дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна" тэд.
Улсын хэмжээнд нягтлан бодогч, санхүүгийн мэргэжил эзэмшсэн ямар ч хүн Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын шалгалтыг давж байж гэмээ нь сая нэг мэргэшсэн мэргэжилтэн болно. Мэргэшсэн нягтлан бодогч байгууллагын ахлан нягтлан болж санхүүг атгах төдийгүй цалингийн 20 хүртэл хувийн нэмэгдэл авна. Иймийн тул нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн хүн бүхэн наанадаж цалингийн 20 хувь, цаашилбал албан тушаал ахих, дэвжиж дээшлэхэд нь нэг алхам болдог тул тэдний өдрийн бодол шөнийн зүүд нь мэргэшсэн нягтлан бодогч болох гэвэл хилсдэхгүй л болов уу.
Саяхан энэ сарын дундуур мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс 2008 оны хоёр дахь удаагийн мэргэшсэн нягтлан бодогчдын шалгалт авчээ.
Тус институт нь төрийн бус байгууллага хэдий ч удирдах зөвлөл, тэргүүн, тэргүүлэгч гишүүдтэй. Энэ удаагийн шалгаруулалтад зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 350 гаруй хүн оролцжээ.
Тэд мэргэжлийн англи хэл, онол, дадлага гээд таван төрлийн шалгалтыг долоо хоногийн хугацаанд өгсөн байна. Ингэхдээ нэг шалгуулагч таван шалгалтын төлбөрт 80 мянган төгрөг, шалгалтад орох эрх авахын тулд 20, нийлээд 100 мянган төгрөг төлдөг ажээ. Шалгалтыг тус институтын мэргэжилтэн, Удирдах зөвлөл, тэргүүлэгч гишүүн, их дээд сургуулийн мэргэжлийн багш нарын оролцоотой комисс зохион байгуулж, явуулдаг ажээ. Шалгалтын өмнө шалгуулагчид хоёр сарын хугацаатай 380 мянган төгрөгийн төлбөртэй тус институтын дамжаанд суралцсан байх шаардлагатай. Дамжаанд суралцаж байхдаа хичээл заадаг багшийнхаа зохиосон мэргэжлийн онолын ном, сурах бичиг, дадлага ажлын дэвтэр юу л санал болгосон бүгдийг нь худалдан авч судална. Үүний дараа шалгалтад ордог тогтолцоог Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын тэргүүн батлан гаргажээ.
Энэ сард болсон оны хоёр дахь элсэлтэд орсон 350 гаруй шалгуулагчаас 55 нь тэнцэж, бусад нь энэ удаад цалингийн 20 хувь, байгууллагын ахлах болох, албан тушаал ахих гэсэн мөрөөдлөө орхиж, дахин эхнээс нь явах л үлджээ.
Ерөнхий боловсролын сургуулийн захын нэгэн багшийн 40 сурагчийн 30 нь монгол хэлний хичээлдээ хангалтгүй дүн авбал бөөн асуудал үүсдэг. Багш юу заав, хүүхдүүд яагаад сурахгүй байна гэдэг атал Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулсан шалгалтад орсон шалгуулагчдын 70 шахам хувь нь муу дүн үзүүлжээ. Эсвэл тэд үнэхээр толгой муутай, мэргэжилдээ эзэн болоогүй байв уу. Аливаа шалгалтад байдаг манайдаа л нийтлэг болсон нэг зүйл бол ар, өврийн хаалганы асуудал. Энэ удаад ч мэргэшсэн нягтлан бодогчдын шалгалт шударга болоогүй талаар шалгуулагчид ярьж байна.
Шалгалтын комиссын гишүүдийг таньж мэдэхгүй л бол шалгуулагч хар толгойгоороо гарна гэдэг хүмүүний орчлонд хүн болж төрөхөөс ч ховор хувь заяа болсон тухай тэд ярьж байв.
Тухайлбал, энэ удаагийн шалгалтад мэргэшсэн нягтлан бодогчдын институтын тэргүүлэгч гишүүн, МУИС-ийн санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш, шалгалтын комиссын гишүүний нөхөр 350 гаруй шалгуулагчаас хамгийн өндөр оноо авч, дундаж үзүүлэлтээр 95.5 гэсэн үнэлгээгээр бусдыгаа магнайлж, гайхуулжээ. Хамгийн сонирхолтой нь энэ нөхөр хэдэн жилийн өмнө хувийн нэгэн дээд сургуулийг эчнээгээр төгсч нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн байх юм. Дөрвөн жил махийтлаа суралцаад боломжийн дүнтэй диплом өвөрлөсөн шалгуулагч "том татаас"-тай тэр нөхрийн хажууд арван жилийн сурагч байж гэнэ.
Үүнээс гадна бас нэгэн инээдэмтэй гэхээсээ илүү эмгэнэлтэй хэрэг энэ үеэр болсон аж. Хэдэн жилийн өмнө манайдаа л гайгүй чанартай, нэр хүндтэйд тооцогддог нэгэн их сургуулийг "улаан диплом"-той төгссөн, Сингапурт хэлний зургаан сарын курст суралцаад ирсэн залуу энэ удаагийн шалгалтад англи хэл, мэргэжлийн шалгалтдаа унажээ.
Шалгалтын дараа нөгөө төгсөгч өөрийнхөө дүнг дуулаад арай л цус харваагүй гэнэ. Үнэхээр их, дээд сургуулийн бүтээгдэхүүн болсон төгсөгч муу байв уу, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын шалгалт өндөр болсон уу. Хэдэн жилийн өмнө Замын цагдаагийн газарт Мэргэжлийн шалгалтын комисс гэж байлаа. Тус комиссын долоон гишүүн 21 аймаг, Улаанбаатар хотод шалгалт авч жолооч болох гэсэн сонсогчдын зүрхэнд шар ус хуруулж байсныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж татан буулгаж буян үйлдэж байсан удаатай. Тэгвэл Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын шалгалтын хэмжээгүй эрхт комисс Сангийн яаманд харьяалагддаг болов уу гэж хайтал эл яамны ганц нэг түшмэл, өнөөх "шалгалтын мангаа"-нуудын нэг гишүүн байдаг тухай олж сэдлээ.
Өнөө жилийн 350 гаруй шалгуулагчаас тэнцсэн 55 нь бас ч гэж баярлах болоогүй аж. Тэд энэ удаад тэнцсэн ч хоёр жилийн дараа дахин шалгалт өгч мэргэшсэн нягтлан бодогчийн эрхээ таван жилээр сунгуулна. Энэ хоёр удаагийн шалгалт бол тэдэнд цагийн идэш болох ёстой гэнэ. Үүнийхээ дараа дахин таваас доошгүй шалгуураар шалгалт өгч тэнцвэл "насны хоол" буюу гавьяаныхаа амралтад гартал толгой өвдөхгүй явах ажээ. Ийм нэгэн сонин гэхээсээ илүү гажиг гэмээр тогтолцоо манай нийгмийн нэгэн эд эс болж нягтлан бодогч нарыг бухимдуулж байна. Жилд хоёр удаа 300-400 гаруй хүнийг шалгалтад хамруулж 100 хүрэхгүйг нь тэнцүүлэн түүнийхээ төлөөсөнд овоо хэдэн арван сая төгрөгөөр дансаа зузаатгадаг тус институтын шалгалтын хэлбэр нэг л биш ээ. Зургадугаар сард нэг "бужигнуулж" зугаалгынхаа, шинэ жилийн өмнө дахин нэг "үймүүлж" ёолкныхоо мөнгийг босгож авдаг Мэргэшсэн нягтлан бодогчдын институт хэмээн нэгэн шалгуулагчийн хэлсэн үг үнэний ортой бололтой.
Х.Улсболд
No comments:
Post a Comment