Сүүлийн үед манайхан уран зохиол их сонирхох болж иймээс би ч гэсэн юугаараа дутахав хэдэн зохиол оруулая. Яг л миний амьдрал шиг юмаа ха ха ха.
Цас хүнд дурлажээ. Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ л дурласан юм даа.
Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар. Үдэш орой. Өнөөх бүсгүй цонхон дээрээ. Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтэй. Тэр инээмсэглэн будрах цасыг ажина. Бүр ширхэг бүрийг нь алдалгүй харахыг хичээнэ. “Тийм баяртай инээмсэглэл, гэрэлтсэн харц. Яг тэндээ, яг тэндээсээ битгий холдоосой” гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв. Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв.
Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч, хөөрсөндөө хамгийн том хамгийн ганган ширхгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв. Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсганалаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх хөгжилтэй инээмсэглэл аажимхан алга болж, харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгэнэ. Хөөрсөөр, шуурсаар.
Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлээсээ сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа. Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй. “Намайг хараач. Намайг хайрлаач” цас хамгийн том, хамгийн ганган ширхгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын чимээ ч өгсөнгүй. Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ. Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согттолоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв.
Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ. Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов.
Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ.
Зохиолч Б.Молор
No comments:
Post a Comment